
Хавдар судлалын үндэсний төв, Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг, Монголын өвдөлт намдаах нийгэмлэг, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг хамтран “ӨВДӨЛТ, ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2017/09/12-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Ж.Чинбүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ “МУ-д хавдрын өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор өвдөлт намдаах эмчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа учир манай төвөөс мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэй (сэтгэл зүйч, өвдөлт намдаах, мэдээгүйжүүлэгч г.м) анхны өвдөлт намдаах клиникийг байгуулсан нь үр өгөөжтэй ажил болсон…” гэжээ. Харин ОУ-ын өвдөлт судлалын Монгол дахь салбарын тэргүүн, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн мэргэжлийн зөвлөлийн дарга АУ-ны доктор, профессор Л.Ганболд МУ-ын мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний хөгжил дэвшил хурдацтай хөгжиж байгааг онцлов.
Хуралд ХСҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, Улсын клиникийн 1, 2, 3-р эмнэлэг, ЦТЭ, “Өргөө”, “Хүрээ” амаржих газар, АШУҮИС-ийн багш нар, БЗ, Чингэлтэй, Багануур дүүрэг, Орхон аймгийн ЭМНэгдлүүд, “Мед пас”, “Найдвартай”, “Ногоон гэр”, “Агапе” хосписууд, “Мөнхийн Үйлс” зэрэг байгууллагуудын 150 гаруй эмч, судлаач, сэтгэл зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд өргөнөөр оролцсон нь нэн шаардлагатай үйл явдал байсныг илтгэж байна.
Мөн Энэтхэг улсаас Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах хөнгөвчлөх эмчилгээний эмч, Чиндгар өвдөлт намдаах эмнэлгийн захирал Автар С Матароо, Автрали улсаас доктор Чарльз Рожер Гоуке, Типу Аамир нар 2017/09/10-15 өдрүүдэд УКНЭ, ХСҮТ дээр “Өвдөлт эмчилгээний үндэс” сэдвээр сургалт, хавдрын болон хавдрын бус өвдөлтийн үеийн ажилбарт аргуудыг зааж сургахаар хүрэлцэн ирсэн юм.
Монголын өвдөлт намдаах нийгэмлэг, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг хамтран Монгол улсад өвдөлт намдаах эмчилгээ болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх, энэ талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, эмчилгээний шинэ мэдээ, мэдээллээр хангах, нийгэмлэгийн гишүүдийн үйл ажиллагааг, түүхэн дурсамжийг хадгалах сан болгох, мөн тэдгээрийн санал, хүсэлт, эрхэм зорилгыг хүн ардад танилцуулах, сурталчлах зорилгоор ᠌᠌᠌᠌”PM&PC – The Journal of Pain Management and Palliative care” сэтгүүлийн анхны дугаарыг эрхлэн гаргаж хуралд оролцогчдод бэлэг барьсан нь түүхэн явдал боллоо.
Түүнчлэн ивээн тэтгэгчээр “ТЕU clinic”, “Eye Dental Pain management”, “Brilliant Hospice”, “Мед Монгол” ХХК, “CLWH” CL Fertility center, “Монфа Трейд”, ᠌᠌”Нахиа Импекс” ХХК, Гедеон Рихтер, Долмалин ХХК, “Монос” трейд, МЭИК, Asia Pharma байгууллагууд хамтран ажиллажээ.