
2006 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй хавдар судлаач эмч нарын 19 дэх удаагийн эрдмийн чуулган 2025 оны 10-р сарын 16 Хавдар Судлалын Үндэсний Төвийн хурлын танхимд, 10-р сарын 17-ны өдөо Новотел зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүд, энэ салбарт хамтран ажилладаг төрийн, олон улсын, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд цугларч, тухайн жилдээ хийсэн судалгааны бүтээлээ танилцуулан шилдэгүүдээ тодруулдаг, оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологийн талаар мэдээлэл, туршлагаа хуваалцдаг энэхүү хуралд энэ жил хот, хөдөөгийн 250 орчим эмч, мэргэжилтэн оролцжээ.

10-р сарын 16 буюу эхний өдөр тус хурал нь 3-н салбар хуралдаантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Үүнд, ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасаг “Системийн хими ба дархлаа эмчилгээний онцлог, ХСҮТ-ийн Эмгэг судлалын тасаг “Хавдрын молекул генетик болон эмгэг судлалын оношилгоо”, ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг “Эмнэлзүйн ховор тохиолдол” , ХСҮТ-ийн Сувилахуйн алба “Хавдрын сувилахуй судлал”, ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасаг “Элэг ба түрүү булчирхайн хавдрын үеийн туяа эмчилгээ” сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгуулж нийт 32 илтгэлийг сонсгож танилцууллаа.

Нэгдсэн хуралдааны нээлтэд ХСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Батболд, УИХ-ын гишүүн Жигжидсүрэнгийн Чинбүрэн нар үг хэлж хурлыг нээлээ.

ХСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Ц.Батболд тусламж үйлчилгээ хүндээ чиглэсэн, оновчтой, үр дүнтэй байх, хорт хавдартай хүмүүсийн амьдрах чадварыг уртасгахад олон мэргэжилтний багийн нэгдмэл үйл ажиллагаа нэн чухал” болохыг онцлон дурьдсан юм.

Энэ жилийн “Хавдрын тулгамдсан асуудал-2025” эрдэм шинжилгээний шилдэг илтгэлээр дараах илтгэлүүд шалгарлаа.
Аман илтгэлийн төрөлд
1-р байр: ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн эмч З.Мөнх-Од нарын “Умайн хүзүүний хорт хавдрын дефинитив туяа эмчилгээний дараах амьдарсан хугацаа болон хожуу үеийн гаж нөлөөг үнэлэх нь: кохорт судалгаа”
2-р байр: ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн эмч Д.Наран нарын”Хөхний хорт хавдрын эмчилгээнд нео-адьювант пертузумаб, трастузумаб бай эмчилгээг хими эмчилгээтэй хавсран хийж, патологийн бүрэн үр дүн болон гаж нөлөөг үнэлсэн нь”
3-р байр: ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Ч.Бат-Оргил нарын”Ходоодны хорт хавдрын үед эрхтэн хадгалах зорилт бүхий мэс заслын дараах үр дүн”
Ханын илтгэлийн төрөлд
ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны Хоол зүйч А.Оюундарь нарын “ХСҮТ-д эмчлүүлж буй хорт хавдартай өвчтөнүүдийн шим тэжээлийн үнэлгээ” илтгэл тус тус шалгарлаа.
Мөн “Шилдэг Хавдар судлаач эмч”ээр СХД-ийн Хавдар Судлаач Эмч Б. Мөнхбаяр
Хурлыг амжилттай зохион байгуулсан ХСҮТ-ийн НЭМТСА-ны Ц.Бадамсүрэн даргатай хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье.

Дараа жилийн эрдмийн чуулганы гараа өнөөдрөөс эхэллээ.