2024 оны байдлаар 77 хүн тутмын 1, 42 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдарт өртөх эрсдэлтэй байв. 2024 онд хөхний хавдарт өртсөн дундаж насны хувьд эмэгтэйчүүдэд 54 нас байна. Хөхний хорт хавдрын тархалтыг Монгол улсын газар зүйн бүс нутгаар харьцуулан үзэхэд Хойд, Төвийн бүс болон Улаанбаатар хот улсын дунджаас өндөр, Зүүн, Баруун, Говийн, Хангайн бүсэд өвчлөл бага үзүүлэлттэй байна.
Энэ хүрээнд ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албанаас эмчлүүлэгчид, асран халамжлагчдад үйлчлүүлэгчдэд зориулан “Wear pink, Save lives” сэдэвт хавдрыг даван туулагчдын дэмжих уулзалтыг
Miss World – Mongolia-тай хамтран зохион байгууллаа


Уулзалтыг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Батболд болон Азиан Фючир ХХК-ийн захирал Г.Уянгалянхуа нар нээж үг хэлсэн бөгөөд ХСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал С.Хүрэлсүх, ХСҮТ-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Э.Хишигдорж нар болон тасаг, албадын дарга, эрхлэгч нар оролцлоо.

Уулзалтад ХСҮТ-д хэвтэн эмчлүүлэгч, сахиур, хяналтын өвчтөн, эмч ажилтнууд зэрэг 100 гаруй хүн оролцсон дэмжих уулзалтад хөхний хавдрыг даван туулагч, дэлхийн дээвэр Эверестийн оргилд амжилттай оргилдсон уулчин, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батхишиг, Наран Ижий ТББ-ын тэргүүн, хөхний хавдрын даван туулагч Ш.Ариунаа нар зочин илтгэгчээр оролцож өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм.
Мөн
Miss World – Mongolia-ийн Монгол дахь эрхийг эзэмшигч, Азиан Фючир ХХК-ийн захирал Г.Уянгалянхуа болон Miss World Mongolia 2026 оны тэмцээний үндэсний ялагч Б.Энхтуул, Miss World Mongolia 2025 оны тэмцээний үндэсний ялагч Б.Эрдэнэсувд нар хүрэлцэн ирж хөхний хавдрын даван туулагчдад урам өглөө.

Зочин илтгэгчдийн хавдрыг даван туулж буй өөрсдийн түүх, туршлага, хөгжилтэй хэрнээ ухаарал бүхий чин сэтгэлийн яриа нь уулзалтад оролцогчдод итгэл найдвар, урам зориг өгсөн, халуун дулаахан уулзалт боллоо.

Мөн ХСҮТ-ийн хөхний төвийн эмч Н.Цэнгэл хөхний тусламж үйлчилгээний талаар, ХСҮТ-ийн Сэргээн засах тасгийн хөдөлгөөн засалч Ц.Цолмонбаяр хөхний хавдрын үеийн сэргээн засах эмчилгээний талаар мөн Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн сэтгэл зүйн багш нар хүрэлцэн ирж даван туулагчдад зориулан олон төрлийн сонирхолтой лекц, дасгалуудыг удирдаж явууллаа.