ДАРХЛААЖУУЛАЛТ- хорт хавдрын өвчлөлийг бууруулахад хамгийн сайн үр дүн үзүүлдэг, нийгмийн эрүүл мэндийн нэг арга хэрэгсэл юм.

Манай улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтын тохиолдлын тоогоор дэлхийд хамгийн их гэж тооцогддог.

2024 онд шинээр оношлогдсон нийт хорт хавдрын тохиолдлын хамгийн их буюу 28,9%-ийг элэгний хорт хавдар эзэлжээ.

Элэгний хорт хавдрын анхдагч шалтгааны дийлэнх нь В вирусийн шалтгаантай элэгний архаг үрэвсэлтэй холбоотой.

В вирусийн халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл гэсэн биологийн шингэнүүдэд уг вирус хамгийн их хэмжээгээр агуулагдах тул дараах үндсэн 2 замаар гепатитийн В вирус дамжин халдварладаг. Үүнд:
1. Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах бүх тохиолдол: тухайлбал тариа, мэс засал, мэс ажилбар, шивээс, жирэмсэн болон төрөх үед гэх мэт
2. Бэлгийн хавьтал

Гэвч элэгний хорт хавдрын анхдагч шалтгааны дийлэнх нь болох Гепатит В вирусийн халдвараас ВАКЦИН/ДАРХЛААЖУУЛАЛТ-аар бүрэн хамгаалагдах боломжтой.

Монгол улс 1991 онд Гепатит В вирусийн эсрэг дархлаажуулалтыг нэвтрүүлж, товлолд оруулан, хүүхэд төрсөн эхний 24 цагт анхны тунг хийдэг болсноор гепатит В вирусийн шалтгаант өвчлөлийн тоо 1991 оноос өмнө жилд дунджаар 2303 тохиолдол буюу 10 000 хүнд 67,8 байсан бол вакцин нэвтэрч, хамрагдалт сайжирснаас хойшхи дараагийн 12 жилийн дундажаар 10 000 хүнд ноогдох өвчлөлийн тоо 2,7-д хүрч, 2023 онд 125 тохиолдол буюу 10 000 хүнд 0,3 болж буурчээ.

Дархлаажуулалтыг үр дүнтэй байлгахад дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй. Үүнд:

Хүүхдээ гепатит В вирусийн эсрэг дархлаажуулалтын БҮРЭН ТУНд хугацаанд нь хамруулах

Дархлаажуулалт огт хийлгээгүй, В вирусийн халдваргүй хүн ДАРХЛААЖУУЛАЛТ заавал хийлгэх

Дархлаажуулалт нь бүрэн үйлчилж, найдвартай хамгаалах хугацаатай байдаг тул вакцины хамгаалах төвшингээ шалгуулж, буурсан бол нэмэлт дархлаажуулалт заавал хийлгэх