
Хорт хавдар өвчний эмчилгээний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь туяа эмчилгээ юм. Хавдрыг бүрэн эмчлэх эсвэл мэс заслын өмнө хавдрыг багасгаж, мэс засал хийх цар хүрээг багасгах зорилгоор, эсвэл мэс заслын дараа хавдрын эсийн үлдэц байгаа эсэхийг шалгаж хавдрыг бүрэн устгах зорилгоор туяа эмчилгээ хийдэг. Нэг бол мэс засал хийх боломжгүй хүнд хавдрыг багасгах, хожуу буюу IV шатанд орсон өвчтөнд хөнгөвчлөх зорилгоор хийдэг байна.
Жишээ нь, хорт хавдрын улмаас нугас дарагдсан тохиолдолд хөл, гар мэдээгүй болохоос эхлээд олон талын хүндрэл гарах эрсдэлтэй. Ийм үед хөнгөвчлөх, мэдрэлийн үйл ажиллагааг хадгалах зорилгоор яаралтай буюу 48 цагийн дотор туяа эмчилгээ хийж чадвал эрхтэн системийн үйл ажиллагаа хэвээр хадгалагдах боломжтой аж.
Анагаах ухааны хөгжлийн үр дүнд өвчтөнд зовуурь шаналгаагүй, эд эрхтэнийг зүсэж тайрахгүй, аль болох хэвээр хадгалах буюу инвазив бус эмчилгээний чиг хандлагыг илүүд үзэж байна. Тэрхүү чиглэл зорилгод туяа эмчилгээ яв цав нийцнэ. Туяа эмчилгээ нь зүсэж цус гаргахгүй, өвчтөнд зовуурь шаналгаагүй, бүрэн эмчлэх зорилготойгоороо зарим тохиолдолд мэс заслаас дутахгүй үр дүнд хүрэх боломжтой.