
Хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүд, энэ салбарт хамтран ажилладаг төрийн, олон улсын, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд цугларч, тухайн жилдээ хийсэн судалгааны бүтээлээ танилцуулан шилдэгүүдээ тодруулдаг, оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологийн талаар мэдээлэл, туршлагаа хуваалцдаг энэхүү хуралд энэ жил хот, хөдөөгийн 330 гаруй эмч, мэргэжилтэн оролцжээ.
9-р сарын 12-нд тус хурал нь 3 салбар хуралдаантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Үүнд: ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасаг “Системийн хими эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвээр, ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасаг “Цээжний хөндийн хавдрын дурангийн мэс заслын хөгжил” сэдвээр, Хөхний төв “Хөхний эмгэгийн оношилгоо, эмчилгээ” сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгуулж, нийт 26 илтгэлийг сонсгож танилцууллаа. Харин 9-р сарын 13-нд болсон нэгдсэн хуралдаанаар 10 илтгэл танилцуулагджээ.
2 өдрийн хурлаар нийт 36 илтгэл танилцуулагдаж байгаагийн 10 нь ОХУ, Япон, Герман, АНУ, БНХАУ-ын зочин профессоруудын илтгэл юм.
Хурлын нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, АУ-ны доктор Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайдын Зөвлөх, Удирдахуйн ухааны доктор Л.Төмөрбаатар, Монос Трейд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэрэнбат, ОХУ-ын ЭМЯ-ны дэргэдэх “Академич В.И.Кулаковын нэрэмжит Анагаах ухааны эрдэм шинжилгээний үндэсний төвийн Хавдар судлаач эмч, АУ-ны доктор Колядина Ирина Владимировна нар уригдан оролцож, үг хэллээ. Мөн тус хуралд Новартис фарма, Roche фарма, Цомбо Фарм ХХК, Монголын Хавдар судлаач эмч нарын нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.
Энэ жилийн “Хавдар судлалын тулгамдсан асуудал-2024” эрдэм шинжилгээний хурал нь зөвхөн эрдэм судлалын шилдэг бүтээлүүдийг шалгаруулахын зэрэгцээ Орон нутгрийн “Шилдэг Хавдар судлаач эмч” болон “Шилдэг хамт олон”-ыг анх удаа шалгаруулж байгаагаараа онцлог болж байна.
“Хавдрын тулгамдсан асуудал-2024” эрдэм шинжилгээний шилдэг илтгэлээр дараах илтгэгч нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Аман илтгэлийн төрөлд
1-р байр: ХСҮТ-ийн Б.Азжаргал нарын “Улаан хоолойн хавдрын нээлттэй болон дурангийн мэс засал (IVOR LEWIS AND MC KEOWN OPERATION)-ын харьцуулсан үр дүн” илтгэл
2-р байр: ХСҮТ-ийн Б.Дэнсмаа нарын “Хавдар судлалын үндэсний төвийн амбулаторийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг тооцсон нь” илтгэл
3-р байр: ХСҮТ-ийн Б.Билэгсайхан нарын “Хортой глиома үеийн MRI шинжилгээнд дүрслэгдэж буй орчны хаван ба өвчтөний амьдрах чадамжийн хамаарал” илтгэл
Ханын илтгэлийн төрөлд
Тусгай байр: ХСҮТ-ийн Г.Сувд-Эрдэнэ нарын “Цээж хэвлийн хөндийн мэс заслын өмнөх амьсгалын сэргээн засах эмчилгээ нь уушгины багтаамжинд нөлөөлж байгаа эсэх” ханын илтгэл
Тусгай байр: ХСҮТ-ийн А.Цэнд-Өлзий нарын “Монгол улсын ходоодны хорт хавдартай өвчтөний HER2 судалгааны үр дүн” ханын илтгэл
Шилдэг хавдар судлаач эмч
Т.Цэрэнсүрэн, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын тасгийн эрхлэгч
Шилдэг хамт олон
Б.Бахытгуль эрхлэгчтэй Баян-Өлгий амйгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар, хөнгөвчлөх эмчилгээний тасгийн хамт олон тус тус шалгарлаа.
“Хавдрын тулгамдсан асуудал-2024” хурлын шилдэг илтгэлийн эзэд, шилдэг эмч, шилдэг хамт олонд баяр хүргэхийн хамт тус хуралд бүтээлээ ирүүлж идэвхитэй оролцсон нийт судлаач эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Хурлыг амжилттай зохион байгуулсан ХСҮТ-ийн НЭМТСА-ны Ц.Бадамсүрэн даргатай хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье.
Дараа жилийн эрдмийн чуулганы гараа өнөөдрөөс эхэллээ.