“ЯГААН АЛХАЛТ-2023” боллоо.
Эмэгтэйчүүдийн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах, энэ чиглэлд төрийн, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хавдрыг даван туулагчдыг дэмжих зорилгоор олон улсад зохион байгуулагддаг “ЯГААН АЛХАЛТ” манай улсад 3 дах удаагаа боллоо.
ХСҮТ нь уг алхалтыг 2018 оноос хамтран зохион байгуулж дэмжин оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн хагас сайн өдөр буюу 6-р сарын 3-нд болсон “ЯГААН АЛХАЛТ-2023” арга хэмжээнд ХСҮТ-ийн 80 гаруй ажилтан оролцож алхасны зэрэгцээ хөх, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх мэдээлэл зөвлөгөө өгч, сурталчилгааны материал, санамж тараалаа.
Эмэгтэйчүүд ба Хорт хавдар
Монгол улсад эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлийн 18.3 хувь, нас баралтын 12.7 хувийг умайн хүзүү, хөхний байрлалтай хавдрууд эзэлж байна.
Умайн хүзүү, хөхний хорт хавдруудын 46.4 хувь нь өвчний хожуу үедээ оношлогдож, 2023 онд 243 эмэгтэй эдгээр буюу сэргийлэх бүрэн боломжтой өвчний шалтгаанаар амь насаа алджээ.
Монгол улс 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгаан биш болгох тухай ДЭМБ-ын санаачлага, зорилтыг дэмжин нэгдсэн 17 орны нэг билээ.
Энэ зорилтод хүрэх чухал алхам бол умайн хүзүүний хорт хавдрын зонхилох шалтгаан болох Хүний Папиллом Вирусийн эсрэг дархлаажуулалтад охид, хөвгүүдийг бүрэн хамруулах асуудал юм. Манай улсад энэ вакцин одоогоор сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийгдэж байгаа бөгөөд товлолт дархлаажуулалтын хөтөлбөрт хамруулахаар бэлтгэж байна.
Түүнчлэн эмэгтэйчүүд 30-60 насандаа 3 жил тутам умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, 40-69 насандаа 2 жил тутам хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээ хийлгэхийн ач холбогдлын талаар зөв мэдээлэлтэй байж, тогтмол хамрагдснаар хорт хавдартай эсэхээ найдвартай мэдэх, өвдсөн ч эрт үед нь илрүүлж бүрэн төгс эмчлэгдэх боломжтой юм.
#ягаантуузны алхалт-2023-т хамтран ажилласан, зохион байгуулсан талууддаа баярлалаа.
Бизнесс Академи