ХСҮТ-ийн удирдлага Японы Хирошимагийн Их Сургуулийн эмнэлэгт (ХИСЭ) айлчилж туяа эмчилгээний дэвшилтэт техник технологийг Монголд нэвтрүүлэх, цацрагийн ослын үеийн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн сургах, судалгаа шинжилгээ хийхээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Монголын талаас ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, Хавдрын өвөрмөц эмчилгээний клиникийн удирдагч Ц.Уранчимэг, Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа, Японы талаас ХИСЭ-ийн захирал, проф. Хиракава, ХИСЭ-ийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, Хирошимагийн өндөр нарийвчлалтай туяа эмчилгээний төвийн (HIPRAC) захирал, проф. Нагата, ХИСЭ-ийн Цөмийн ослын үеийн яаралтай тусламжийн төвийн дарга, проф. Хирохаши, Хирошима их сургуулийн Биоанагаахын сургуулийн захирал, проф. Оодан болон мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал нар оролцлоо.
Талуудад ажлын өндөр амжилт хүсье!
Хирошима хотод манай иргэдийн эрүүл мэнд, эмчлүүлэгчдийн тусын тулд хамтын ажиллагааны гэрээ зурахад сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал зорьж биечлэн оролцож ХСҮТ-ийн туяа эмчилгээг хөгжлийн шинэ түвшинд гарахад үнэтэй дэмжлэг үзүүллээ
Мөн ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн, их аварга Хакухо М.Даваажаргал нар Хирошимагийн Өндөр Нарийвчлалтай Туяа Эмчилгээний төвд байдаг хавдартай хүмүүс эмчилгээ дуусгаад хавдрыг ялснаа тэмдэглэж хонх цохиж дуугаргадаг хонх дээр очин Монголын хавдраар эмчлүүлэгсдэд өвчнөө ялан дийлэхийг билэгдэж, эрүүл энхийг хүсч хамтдаа хонх цохиж дуугаргалаа.
Их аваргадаа их баярлалаа!