Монгол Улсын Засгийн газраас хорт хавдраас сэргийлэх, хянах бодлого, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний практикт шинэ техник технологи нэвтрүүлэхэд байнга анхаарч, дэмжиж ажиллаж байгаа юм. Үүний нэг томоохон ажил болох Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн шинэ барилга өнөөдөр ашиглалтад орж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Өргөтгөлийн барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолыг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэлсэн бөгөөд тус арга хэмжээнд ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлого болон хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл, ХСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Хүрэлсүх болон албаны бусад хүмүүс, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар байгуулсан энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор “Элэг шилжүүлэн суулгах төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлж, эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн энэ хүрээнд хорт хавдрын өвөрмөц эмчилгээ болох туяа эмчилгээнд ашиглагдах хамгийн сүүлийн үеийн өвөрмөц технологийн аппарат, тоног төхөөрөмжийг Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэж өгчээ.
Уг өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор ХСҮТ-д хэвтэн эмчлүүлэх 60 ор нэмэгдэх бөгөөд үүнтэй холбоотойгоор 60 гаруй нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шинээр ажилд авч, хүний нөөцийн асуудлыг давхар шийдсэн байна. Ийнхүү ард иргэд өндөр чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах бүрэн боломжтой болсны зэрэгцээ ХСҮТ-ийн ачаалал даруй 30-40 хувь буурах бололцоотой гэж үзэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл, нас баралт өсөн нэмэгдэж байгаа төдийгүй ойрын жилүүдэд ч буурах хандлагагүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2025 он гэхэд жил бүр 19,6 сая хүн шинээр хорт хавдраар өвчлөх магадлалтай гарчээ. Хорт хавдрын өвчлөл нь манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байгаагаас гадна сүүлийн 10 жилд бараг 41 хувь нэмэгдсэн гэж тоо баримт бий.