Хавдрын тусламж, үйлчилгээг нийслэл болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Улсын Гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн удирдлагууд гарын үсэг зурсан билээ.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт дээрх эмнэлгүүдэд хавдрын тусламж, үйлчилгээг үзүүлэх кабинет болон нэгдсэн тасаг байгуулах, мөн эмч мэргэжилтнийг дадлагажуулан сургах, олон улсын хурал, семинар, томоохон сургалтад хамруулж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх зэрэг тодорхой хүрээнд хамтарч ажиллахаар тусгасан.
Тэгвэл уг ажлын хүрээнд өнгөрөгч долоо хоногт мэс заслын эмч нарын “Зангиагүй уулзалт” Хавдар судлалын үндэсний төвд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалтад ХСҮТ-ын мэс заслын эмч нараас гадна Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Цөмийн оношлогооны тасгийн эмч мэргэжилтнүүд, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) болон Улсын Гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн мэс заслын эмч нар оролцсон юм.
Уулзалтын үеэр эмч нар хавдрын эмчилгээ, тусламж үйлчилгээний талаарх өөрсдийн санал бодлыг солилцсон бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт арга технологи, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар ярилцлаа. Хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарч ажиллах, харилцан туршлага солилцох зорилготой тус уулзалтыг ирэх оны нэгдүгээр сард дахин зохион байгуулахаар төлөвлөсөн байна.